Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг есдүгээр сарын 19-ний бямба гарагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэнэ.
Чингисийн талбай дахь "Номын баярын өдөр" бямба гарагийн 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлт 11.40 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50 хувийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номын шагналтай тэмцээн уралдаанууд болох юм.