Жирэмснээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр өнөөдөр болж байна. Энэ өдрийг 2007 оноос хойш дэлхийн 70 гаруй улсад тэмдэглэдэг болжээ. Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байгаа бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн “Мэри Стопс” олон улсын байгууллагатай хамтран иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох олон арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах юм байна. Мөн “Мэри Стопс” байгууллагын эмнэлгийнхэн гэр бүл төлөвлөлтийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэнэ. Иргэдийн дунд жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗДХ, ХДХВ/ ДОХ-ын уялдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Жирэмснээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглээгүйгээс манай улсад 2014 оны байдлаар үр хөндсөн 18 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 13.8 хувиар өссөн үзүүлэлт болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлэв.
Түүнчлэн дэлхийд нэг жилд 15-19 насны 16 сая орчим эмэгтэй жирэмслэлтээс болж нас бардаг аж. Мөн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийг буруу хэрэглэснээр жилд 33 сая орчим эмэггэй хүсээгүй жирэмсэн болж, улмаар эрүүл мэндээрээ хохирч байгааг “Мэри Стопс” олон улсын байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)