ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон ял сонсон хорих ангид хуваарилагдахаар хүлээгдэж буй иргэдийг цагдан хорьдог. Одоогоос хэдхэн жилийн өмнө ашиглалтад орсон. Энэхүү хорих ангийг ашиглалтад оруулсанаар дотор нь шүүх хуралдааны танхимыг ч шинээр байгуулсан юм. Ингэхдээ олон шүүгдэгчтэй хэрэг, онц хүнд гэмт хэргийн ялтнууд гээд хорих ангид шийдвэрлэж болох хурлуудыг шүүн тасалдаг байв. Тэгвэл уг ангийн шүүх танхимд дахин шүүх хурал хийхгүй байх шийдвэр гарчээ.
Энэ талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Өнгөрсөн долоо хоногт хорих 461 дүгээр ангийн шүүх танхимыг татан буулгасан. Ингэснээр энэ ангид дахин шүүх хуралдаан явагдахгүй. Хүний эрхийн Үндэсний комисс, Өмгөөлөгчдийн холбоо хамтран ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд шалгалт хийсэн. Шалгалтаар энэхүү шүүх танхим нь стандартын хэд, хэдэн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс татан буулгасан. Одоо шүүх хуралдаанууд харьяа дүүргийнхээ шүүхэд болох болно" гэж хэллээ.
Т.Сар
Сэтгэгдэл (2)