Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрөгч долоо хоногт ХДХВ, Сүрьеэгийн хавсарсан халдварын оношлогоо, эмчилгээний технологийн үнэлгээний ажлын хэсгийн уулзалт зохион байгуулжээ.
Мөн Сүрьеэгийн тархалтын судалгаа Хөвсгөл аймгийн Мөрөн, Алаг эрдэнэ сумуудад явагдаж, нийт 890 хүнийг хамруулан 118 хүнээс цэрний шинжилгээ авсан байна. Цаашид тус аймгийн Тосонцэнгэл, Тариалан сумуудад үргэлжлүүлэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулах аж.
Судалгааны нэг баг Баян-Өлгий аймгийн Өлгий, Булган сумуудад сүрьеэгийн тархалтын судалгааны сургалт үнэлгээг хийж оролцогчдоос мэдээлэл цуглуулах ажлыг хийсэн байна. Энэ баг цаашид Увс аймагт үргэлжлүүлэн ажиллах юм байна.
Дашрамд дуулгахад, 2015 оны есдүгээр сарын 26-ны байдлаар бүртгэгдсэн улаанбурхан өвчний нийт тохиолдлын тоо 21325, үүнээс лабораториор батлагдсан 1404, клиник эмнэл зүйгээр батлагдсан 8923, өнгөрсөн долоо хоногт шинээр 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг улаанбурхан өвчний дэгдэлтэд бага насны хүүхдүүд зонхилон өртөж өвчилсөн байгаа аж.