Өчигдөр ахмадын баярын өдөр тохиосон билээ. Энэ өдөр албан байгууллагууд салбарынхаа ахмад настнуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу Барилга хот байгуулалтын яамныхан ч мөн барилгын салбарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ "Барилгын салбарын фундаментыг тавилцаж амьдралынхаа бүхий л хугацааг энэ салбарт зориулсан та бүхнийхээ гавьяа зүтгэлийг үнэлж баршгүй. Салбарын ажлыг төдийлөн мэдэхгүй ч та нар маань байгаа учраас би айхгүй байна. Урам зоригтой байгаа. Хугацаа богино хэдий ч олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Ахмадуудаасаа сурах сонсох зүйл их байна. Та нар маань зааж зөвлөж ташуур өгч байгаарай. Та нөхдөөрөө уламжлуулан салбарынхаа мянга, мянган буурлууддаа ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлж ерөөл бүхний дээдийг хүсэн ерөөе” гээд тэднийг шагнаж, урамшууллаа.
Харин ахмадууд салбарын шинэ сайддаа ажлын амжилт хүслээ.
Т.Сар