Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн автозамын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог гэж үзэж байгаа юм. Энэхүү ачааллийг бууруулах зорилгоор хотын удирдлагууд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргасны дотор СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор”- ыг байгуулах шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл уг цогцолбор өнөөдөр нээлтээ хийх юм байна.
Тус цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэх юм. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн аж.
Ингэснээр нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн албаныхан харж байгаа юм. Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ.