Манай сурвалжлах баг орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт, түүнийг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцаж явсаар “Дархан-Уул” аймагт ажиллалаа. Ингээд Дархан хотынхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Си Эм Пи Ай” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний хийж бүтээсэн бүтээн байгуулалттай хоромхон хугацаанд танилцсанаа фото сурвалжлагаар хүргэж байна.
Дархан-Уул аймгийн Си Эм Пи Ай ХХК нь 2011 онд аймгийн аж үйлдвэрийн цогцолборын бүс нутагт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчитгэсэн төмөр бетон шонгийн үйлдвэрийг барьж байгуулжээ. Тус үйлдвэр нь конусан хэлбэртэй хүчитгэсэн төмөр бетон шонг БНХАУ-ын иж бүрэн техник тоног төхөөрөмжөөр батлагдсан зураг стандарт, технологийн зааврын дагуу үйлдвэрлэж, зориулалтын хяналтын талбайд туршилт хийж, шонгийн хэсэг тус бүрийг итгэмжлэгдсэн лабораторийн чанарын гэрчилгээ дагалдуулан хэрэглэгчдэд нийлүүлдэг юм байна.
Тус үйлдвэр нь эргэлдүүр/центфруг/-ийн аргаар 0.4 кВ, 6/10 кВ-ын эрчим хүчний шугамуудын алинд нь хэрэглэхээс шалтгаалан хүчитгэсэн төмөр бетон шонг МNS 9232-2011 стандартын дагуу ес болон 12 метрийн урттай гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж байна.
Үйлдвэр нь хоногт хоёр ээлжээр ажиллан дунджаар 8000 ширхэг шон үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус үйлдвэр импортыг орлох нэмүү өртөг шингэсэн экологид ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсоноор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төдийгүй барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/