Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоож, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд Засгийн газраас даалгасан байна.
2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155.0 тонн, АИ-92 автобензин 21.505.0 тонн, дизелийн түлш 50.030.0 тонн, ТС-1 онгоцны түлш 3.660.0 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83.350.0 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж буй аж.
2014 оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэлх хугацаанд хавсралтад заагдсан 16 компанийн импортлосон шатахууны хэмжээ 1.051.337.7 тоннд хүрчээ. Иймд эдгээр компаниудын импортлосон шатахууныг төрөл тус бүрээр 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байхаар тооцож, 2016 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээг гаргасан байна.