Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Түүнчлэн нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтрэх аж.
Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.
Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.