Олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны түүхэн амжилтыг мөнхөд дурсгах хүрэл хөшөө өчигдөр Сэлэнгэ аймгийн төвд сүндэрлэлээ.
Хөшөөний нээлтийн ёслолтой хамтатган түүний шавь, найз нөхдийн санаачлага, МЧБХ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, бөхийн “Хангай” клубын дэмжлэгээр Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж эхлээд байна.
Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны тив дэлхий, олимпийн дэвжээнд гаргасан амжилтыг алдаршуулж, Гэрэлт хөшөөний нээлтийн ёслолд зориулан, чөлөөт бөхийн шилдэг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх, тэмцээний туршлага суулгах, дасгалжуулагчийн ур чадварыг үнэлэхэд тэмцээний зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжилнэ.
Тэмцээн эрэгтэй 57, 61, 65, 74 кг, эмэгтэй 53, 69 кг-ын жингүүдээр явагдах бөгөөд 1998 оноос өмнө төрсөн бөхчүүд өрсөлдөж байгаа юм.