Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Хуралдаанаар өмнөх хуралд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг өгч, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
Нийслэлийн өдрийг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 10 сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, нийслэлийн 32 агентлаг, нийслэлийн харьяа 28 байгууллага, дүүргүүдийн ЗДТГ, Их дээд болон ЕБС, цэцэрлэгийн 100 гаруй байгууллагын 2877 ажилтан албан хаагч, 7132 аж ахуй нэгж байгууллагын 30521 хүн идэвхтэй оролцож, 1997,39 тонн хог хаягдлыг 226 машинаар ачиж цэвэрлэжээ.