Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг цус шүүх аппарат бүхий эмчилгээний тасагтай болсон байна. Бөөрний дутагдалтай хүмүүс нийслэл хот руу ирж эмчлүүлдэг байсан бол одоо орон нутагтаа хэвтэн эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.
Баян-Өлгий аймагт бөөрний архаг дутагдал өвчний улмаас цус шүүх аппаранд орох эмчилгээ хийлгэдэг 9 хүн байдаг байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг 2 аппараттай болсноор эхний таван хүн шууд эмчилгээндээ оржээ. Тэд өмнө нь уг аппаратанд орохын тулд Улаанбаатар хотыг зорьж замын зардал, байр, хоолны мөнгө гэж 2-3 сая төгрөг нэг удаадаа зарцуулдаг байжээ.
Эрүүл мэндийн яам энэ оны эмчилгээнд шаардлагатай урсгал зардалд зориулж 60 орчим сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин ирэх оны улсын төсвийн төсөлд аппаратыг жилийн турш ажиллуулахад шаардлагатай хөрөнгийг тусгаж явуулсан байна.