Үндэсний өгөх өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тархины саажилттай хүүхдүүдийн УИХ гишүүн С.Одонтуяатай хамтран гаргасан “Энэ бол би” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Тархины саатай хүүхдүүдийн хөлөөрөө болон амаараа зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулсан тус үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай олны хүртээл болох аж.
Тэд энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталд байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэн ямарч үнэ төлбөргүй бөгөөд үзсэн хүмүүс өөрсдөө сэтгэлээр хандив өгч тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд нэн шаардлагатай аалзны тор хэмээх 12000 долларын үнэтэй төхөөрөмжийг Сэргээн Засах Хөгжлийн “Таны Инээмсэглэл” төвд хандивлах аянд нэгдэх боломжтой аж.