Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийг нэлээд хэдэн жил завсарласны дараа энэ жил дахин зохион байгууллаа. Аймгийн 17 суманд зохион байгуулсан өдөрлөгийн арга хэмжээ Сайхан, Хушаат сумдад зохион байгуулагдсанаар өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн сум өөрийн орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авьяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, шинэ зах зээл олгон, эргэх холбоог бий болгон өгч буйгаараа онцлогтой болж байгаа юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:”Аймгийн Засаг даргын 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө хүний амьдралд хэрэг болохоор, хамтран амьдрахад, хамтран бүтээхэд бие биеэсээ урам дэм авахаар, улс орныхоо хөгжилд иргэд нь итгэл дүүрэн оролцохоор олон асуудлуудыг бид бүхэн зорилт болгож тавьсан. Бид энэхүү соёл, эдийн засгийн арга хэмжээгээрээ аймгийнхаа сумдын хөдөлмөрч ард иргэдийн хийсэн бүтээснийг залуу үедээ таниулж, бахархан дурсах боломжийг олгож байгаа юм. Цаашид ч энэ боломжийг үлдсэн зургаан сумандаа олгоно. Түүнчлэн энэ арга хэмжээг дараа дараагийн аймгийн удирдлагууд маань улам боловсронгуй болгож, уламжлуулан авч явах байх аа. Хэн нэгнээс дэмжлэг авахгүйгээр, өөрөө өөрийгөө болгоод, амьдрал ахуйгаа өөд татан авч яваа баялаг бүтээгч иргэдээ бид дэмжиж болох бүх л хэлбэрээр дэмжихийг зорьж байгаа. Дэмжих ч болно” хэмээн хэллээ.
“Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээнд оролцож буй сумд бүхэн өөр өөрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. Энэ удаа Сайханчууд өөрсдийн гараар бий болгосон бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүнээр голчлон оролцож байгаа бол Хушаатчууд малын ашиг шимээр бий болсон цагаан идээ, цэвэр хөрсөндөө ургуулсан элит төмс, хүнсний ногоогоороо оролцлоо.
Энэхүү “Соёл, эдийн засгийн өдөр” өдөрлөгийн үеэр Сайхан, Хушаат сумдын авьяаслаг ард иргэд нэгдсэн концерт тоглосон нь Сүхбаатарчуудын талархлыг ихэд хүлээлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)