Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод Их говийн тэмээний баяр-2015, баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн зохион байгуулагдана.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон хийж ирсэн Их говийн тэмээний баярыг энэ жил баруун аймгуудыг хамруулан бүсийн хэмжээнд зохион байгуулж, тэмээчдийн зөвлөгөөнийг хамтатган хийхээр боллоо.
10 дахь жилдээ болох энэхүү арга хэмжээ нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шимийг сайжруулахад малчид тэмээчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх, тэмээний соёл, зан үйлийг нийтэд сурталчлахын зэрэгцээ тэмээчдээ харилцан туршлага солилцуулах зорилготойгоор орон нутагт хийгддэг юм. Их говийн тэмээний баярт Говь-Алтай аймгийн 18 сумдаас тэмээчид тус бүр нэг баг болон оролцох бол бусад аймгууд тус бүр нэг баг болж оролцоно.
Их говийн тэмээний баярын хүрээнд хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж нээлтийн арга хэмжээ, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдахаас гадна хурдан ат болон торомны уралдаанууд зохион байгуулна. Мөн тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл (1)