“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.
Өмнө нь цас орсны маргааш цэвэрлэх тохиолдол байсан. Харин цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүлж эхэлснээр цас орсон даруйд шөнийг ч үл хамааран шууд ажиллах бөгөөд цасыг маш хурдан цэвэрлэж хальтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах гэнэ.
Мөн давс, бодис цацдаг 13 машины үйлчилгээ зэрэг явна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан мэдэгдлээ. Улаанбаатар нэгтгэлийн ажилчид ажлын найман цагаар ажилладаг. Харин цэвэрлэгээний шинэ менежментийн дагуу 24 цагийн турш зам цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхээр болж байгаа аж.
Цас орсон даруйд, цаг харгалзахгүй цэвэрлэгээ явуулна гэдгийг ажилчид хэлж байв. Түүнчлэн баруун, зүүн салбарын байрандаа замын халтиргааг арилгах бодис болох давсны нөөцийг бүрдүүлж, иргэд, аж ахуй нэгжид кг-ыг нь 400 төгрөгөөр худалдаалахаар болжээ. Ингэснээр орчин тойрныхоо халтиргаа гулгааг арилгах нөхцлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад бүрдүүлж өгч байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн хувьд нийслэлийн 315 км замыг бид хариуцан ажилладаг. Харин дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, орон сууцны СӨХ-үүд орчин тойрныхоо замын цэвэрлэгээг хариуцдаг. Аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй байдаг” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (1)