Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембург улсад болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод иржээ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын өмнө болдог энэхүү уулзалтад оролцож АСЕМ-ийн талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, уулзалтын тов бусад бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Мөн Даргын мэдэгдэлд манлайллын үүргийг гүйцэтгэж, батлуулахад оролцож ажиллажээ.
АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо зохион байгуулахтай холбоотойгоор Үндэсний хороо, салбар ажлын хэсгүүд байгуулагдаж, ажиллаад явж буй. Гадны улс орноос уулзалтын үеэрх аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт шаардлагууд ирж байгааг албаны хүн мэдээлсэн. Олон орны төр засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн аюулгүй байдлыг зохион байгуулагч орон хангах үүрэгтэй.
Иймээс ч бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын шугмаар 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй 42 орныг визнээс түр чөлөөлөх шийдвэрийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан зарим улсыг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас 2014 онд гарч байсан.
Тэгвэл энэ санаа нь санасандаа хүрч чадаагүй, манай улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 42 орны зүгээс манай иргэдэд зорчих визийн ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх санаачилга гаргаагүй. Тийм учраас тухайн орнуудын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн гэдгийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрыг дарга Г.Амартүвшин хэлсэн. Энэ нь нөгөө талаар АСЕМ-ийн уулзалтын үеэр гадны зочдын аюулгүй байдлыг хангах нэг арга болж буй юм байна.
Сэтгэгдэл (3)