Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт II чуулган өчигдөр Төрийн ордонд болов.
Чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас болон Сэргээн засалт, хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.
Монгол Улсад нийт 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсролд хамран суралцах боломжийг бүрдүүлэх зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэл 2013 оны тавдугаар сарын 03 нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан билээ.
Энэ удаа 2013 оны анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-р батлуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх уриалга гаргажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хүссэн сургуульдаа суралцаж, мэргэжил эзэмшин, хөдөлмөр эрхэлж, баялгаа бүтээн, өрхийн орлогоо нэмэгдүүлж бусдаас хараат бус байдлаар бие даан амьдарч, нийгмийн харилцаанд ямар ч саадгүй чөлөөтэй оролцож эрхээ бодитоор эдлэн Монгол Улсын идэвхтэй иргэн байх боломжийг бүрдүүлэх нь төр засаг, иргэний нийгмийн байгууллагын хамтын үйл ажиллагаанаас шууд хамаарах юм.
Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлыг гэр бүл, хамт олонд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь хэлэлцэж, шийдвэрлэх нь чухал гэсэн саналыг салбар яамнаас нь гаргажээ.
Сэтгэгдэл (1)