Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Монгол, Хятадын Ханги-Мандал авто замын боомт энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр талын байнгын үйл ажиллагаанд шилжлээ.
Тус боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж, эдүгээг хүртэл улирлын чанартайгаар зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж ирсэн юм. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Ханги-Мандал авто замын боомтоор хоногт дунджаар 1000-1200 зорчигч, 150 гаруй тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байна. Энэ нь “Замын-Үүд” авто замын боомтын ачааллыг тодорхой хувиар бууруулж, зорчигчдод шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
Боомт байнгын үйл ажиллагаанд шилжсэнээр зорчигч, тээврийн хэрэгслийн урсгал, уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.