Судан улсад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагч эмч нар тус улсын иргэдэд ДОХ өвчнөөс сэргийлэх сургалтыг явуулжээ. Тус арга хэмжээ дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болсон байна.
Тодруулбал,Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Кабкабияа суурин болон Кабкабияа баазын хэмжээнд ХДХВ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар видео хичээл, үзүүлэн таниулах материал, гарын авлага бэлтгэн, сургалт явуулжээ.
Өдөрлөгт Рванда , Жордан Улсын цэргийн багийн удирдлагууд, цэргийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цэргийн ажиглагч, цагдаа, орон нутгийн гэрээт ажилтан, орон нутгийн иргэд оролцсон байна. Цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллаж байгаа билээ. Тэрбээр Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсноос хойших хугацаанд анх удаа цэргийн бага захирч буй эмэгтэй цэргийн алба хаагч юм.