Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Цэгээн нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад, мөс цөмөрсний улмаас усанд унасан 38-99 БУА улсын дугаартай таван тоннын даацтай “ЗИЛ-130” загварын чиргүүлтэй автомашиныг нуурын уснаас гаргах ажил үргэлжилсээр байна.
Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан бөгөөд 30-ны өдөр машиныг гаргах дөрвөн өргөгчийг бэхэлсэн байна. Харин уржигдар машины хойд тэнхлэгийг мөсөн дээр гаргасан бөгөөд уснаас бүрмөсөн гаргах ажил үргэлжилсээр байна. Одоогоор нуурын гүн гурван метр, мөсний зузаан 15 см орчим байгаа юм.
2015 он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин суусан тохиолдол 12 удаа бүртгэгдсэн байна. Иймд, гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.