Засгийн газрын харьяа 11-11 төвд өнгөрсөн ажлын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдлыг түүвэрлэвэл, нийтийн тээврийн үйлчилгээ, УИХ, газрын алба, Иргэний бүртгэлийн газар зэрэг төрийн бүхий л ажил үйлчилгээтэй холбогджээ.
Тухайлбал, Завхан аймгаас холбогдсон иргэн хүүхдийн овгийг буруу бичиж, улсын бүртгэлд оруулснаас наймдугаар сард мэндэлсэн хүүхдийн мөнгийг өнөөг хүртэл авч чадахгүй он дуусгах болж байгаагаа учирлажээ. №1512047088 дугаартай зочин энэ тухай “Завхан аймгаас холбогдож байна. Манай хүүхэд шинээр мэндэлж өнгөрсөн наймдугаар сард Чулуунбатын Ганцацрал гэж төрсний гэрчилгээ авсан байгаа. Иргэний бүртгэлийн газар дээр шүүлгэхэд Сэрээтэргаравын Ганцацрал гэж ээжээр нь овоглож буруу шивсэн байна. Үүнээс болж хүүхдийн мөнгө орохгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү” гэжээ.