Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийг 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зохион байгуулав. Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зэрэг байгууллагын ажилтай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгав. Ажлын хэсгийнхэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна гэж дүгнэжээ. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн хэмжээнд 537 тонн цас хайлуулах бодис, элс нөөцөлсөн байна.