Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт хулгайн 50 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тэдгээрээс эд зүйлээ алдсан дуудлагыг цаг алдалгүй өгсөн болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий этгээдийг шалгаснаар 20-иод гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж, тогтоон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Шинэ жилийн баяр дөхсөн, өвлийн улирал эхэлж жолооч нар автомашиндаа өвлийн дугуй, дулаан хучлага зэрэг үнэд хүрэхүйц эд зүйлсийг ашиглах болсон нь хулгайн хэрэг нэмэгдэх шалтгаан болж байгааг цагдаагийн алба хаагчид хэлэв.
Хоногт гарч буй хулгайн хэргийн олонх нь автомашины хучлагын хулгай байна. Жижиг тэрэгний хучлага хамгийн доод тал нь 100 мянган төгрөгийн үнэтэй. Хулгайчид эд зүйлээ алдсан иргэд эдийн засгийн болоод сэтгэл санааны хохирол амсдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий этгээдийг шалгаж, бусдын автомашины хучлага хулгайлсан байсныг илрүүлж, автомашины дулаан хучлагаа хулгайд алдснаа мэдээгүй байсан жолоочийг дуудан, хүлээлгэж өгчээ. Энэ тухай автомашин, хучлаганы эзэн өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан цагдаад талархал илэрхийлсэн байсан.
Аливаа баяр ёслолын өмнө хулгайн гэмт хэрэг ердийнхөөс өсдөг. Иймд иргэд алдсан өөрийн өмч хөрөнгө, эд зүйлдээ тавих анхаарлаа сайжруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Цаг алдалгүй цагдаад мэдэгдсэн тохиолдолд гэмт этгээдийг олж илрүүлэхэд илүү дөхөм болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/