“Сонгох эрх” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой найман ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус төрийн бус байгууллага нь хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ үеэр Монголын Хөдөлмөрийн Баатруудын Холбооны Ерөнхийлөгч Р.Батнасан болон “Сонгох эрх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, жил бүрийн Хүний эрхийн өдрийг хамтран тэмдэглэхээр боллоо. Энэ үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, Б.Гүнжинлхам, Д.Дармаа, Р.Батнасан, Д.Сэдбазар, Ё.Норовсүрэн, З.Ойдов, Б.Түмэн нар хүрэлцэн ирсэн юм.
“Сонгох эрх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг “Манай байгууллага эрх зүйн зөрчлийн улмаас хохирсон иргэдэд зөвлөгөө өгөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт семинар зохион байгуулах, эрхийн боловсрол олгох зорилгын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монгол улсад хүний эрх тэр дундаа хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах эрхийн зөрчил сүүлийн жилүүдэд хурцадмал байна. Хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж, монгол хүн өөрийгөө шатаах оролдлого хийсэн, эмгэнэлтэй, гашуун түүх саяхан тохиолдлоо.Улс эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилд иргэний нийгмийн байгууллага, залуучууд бидний оролцоо чухал байр суурьтай. Ийм учраас хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол улсын Хөдөлмөрийн баатруудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хөдөлмөрлөх эрхийг бодьтой хангахын төлөө жил бүрийн энэ өдрийг хөдөлмөрлөх эрхийн өдөр болгон тэмдэглэх уриалгыг гаргаж байна” гэв.
Энэ арга хэмжээний үеэр хөдөлмөрийн баатрууд залуучууддаа ямар ч ажлыг голохгүй хийж, зорилгынхоо төлөө тууштай зүтгэх хэрэгтэй хэмээн захиж байлаа. Тухайлбал Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргасан Хөдөлмөрийн баатар З.Ойдов “Спорт бол нэг л өдөр амжилтын оргилд гаргадаг сайхан салбар. Спортын буянаар олон түмний бахархлыг хүртэж ирлээ. Хүн ер нь ажил хийх арга барилаа л олчихвол амжилтад хүрнэ” гэсэн юм. Харин Монголын хамгийн анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан “Дээд сургууль төгссөн хэрнээ ажилгүй залуучууд олон болсонд сэтгэл зовж явдаг. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй юм шүү” хэмээн захиж байлаа. 40 гаруй жил нисгэгчийн ажил хийсэн Хөдөлмөрийн баатар Р.Батнасан “Хүний эрхийн өдрөөр хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг хөндөж байгаад ахмад хүний хувьд баяртай байна. Тиймээс залуустаа зорилгоо сайн бодож, ажилдаа үнэнчээр зүтгээрэй гэж захья” гэлээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)