Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.
Тэгвэл ес эхэлснээс ихэнх нутгаар хүйтэрч, цас орох төлөвтэй байна. Энэ сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 25,26-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.