Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа. Шагнал гардагсдын дунд хэвлэл мэдээллийн салбарынхны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байгаа нь Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий юм. Түүнийг хэвлэлийн салбарын хэн бүхэн таних бөгөөд “Дамбий ах” хэмээн авгайлан дууддаг. Гэрэл зурагчин Н.Бөхдамбий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрыг хүртлээ.