Манай улсад ирэх долдугаар сард болох АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочдод үйлчлэх зочид буудлуудыг шаардлагатай ажиллах хүчнээр хангах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж буй юм. Энэ үүргийнхээ дагуу зочид буудлуудад хэрэгцээтэй байгаа 11 мэргэжлийн 800 ажлын байранд ажилгүй иргэдийг зуучлах ажлыг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв зохион байгуулж байна. Шинэ оны өмнө бүртгэл явуулж нийтдээ 1520 хүн бүртгэсэн тус төвийнхөн бүртгүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулах ажил олгогчийн ярилцлагыг энэ сарын 4-7-нд явуулж буй юм. Ярилцлагад оролцож буй хүмүүсээс 133 тогооч, 305 зөөгч, бармен авахаас гадна талх нарийн боовчин 55, өрөөний үйлчлэгч 132, угаалгын ажилтан 105, зочин угтагч 274, зочин хүлээн авагч 291, гадна талбайн үйлчлэгч 34, ачаа зөөгч 191-ийг авах юм.
Эхний өдөр нийтдээ зургаан зочид буудлын хүний нөөцийн ажилтнууд ирж бүртгүүлсэн иргэдтэй биечлэн уулзаж сонгон шалгаруулалт хийснээр 247 хүн сургалтад хамрагдахаар болжээ. Тэдний 28 нь ачаа зөөгч, 20 нь зөөгч бармен, 16 нь гадаа талбайн үйлчлэгч, 75 нь зочин угтагч, 25 нь талх нарийн боовчин, 24 нь өрөөний үйлчлэгч, 35 нь угаалгын ажилтан гэсэн ажлын байранд сонгогдсон бол 24 хүн тогоочоор ажиллахаар болжээ. Хоёр дахь өдөр үйлчилгээний ажилтан сонгохоор ирсэн зочид буудлуудын тоо өмнөхөөс харьцангуй нэмэгдсэн нь бүртгүүлсэн хүмүүсийн ажилтай болох магадлал тэр хэрээр өндөрсч буйг зохион байгуулагчид дуулгаж байв.
Сэтгэгдэл (2)