Сүхбаатар аймгийн төвд байрлалтай “Цайрт минерал” компанийн баяжмалын цехэд энэ сарын 2-ны 20.00 цагийн үед үйлдвэрлэлийн осол гарч, хүн хордсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тус цехэд байсан баяжмал савнаасаа хальж, дор нь байсан азотын банкин дээр асгарсны улмаас доторх хий нь алдагдан, агаарт тархсан байна. Тухайн үед ээлжинд гарч байсан С гэгч залуу өөрийгөө хордсон гэдгийг мэдэлгүй дөрвөн цагийн дараа ажлаа хүлээлгээд гэртээ хариад унтсан байна. Гэтэл шөнө дунд бие нь гэнэт муудаж, дөрвөн цагийн дараа буюу 3-ны 04.00 цагийн орчимд эмнэлэгт хүргэгджээ. Түүний бие хүнд байгаа гэнэ. Ар гэрийнх нь болон “Цайрт минерал” компанийн удирдлагуудын хүсэлтээр түүнийг нийслэлд авчран, Хорддогын яаратгай тусламжийн төвд хэвтүүлсэн байна.