Монгол орны өргөн уудам газар нутагт адал явдалт аяллууд хийдэг “Монгол аялал" клуб отрын 2500 адуун сүрэг үзүүлэх морин аяллыг энэ сарын 9-нд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ нь Монгол оронд өвлийн аяллыг хөгжүүлэх, залуучуудад эх орноо танин мэдэх боломж олгох зорилготой аж. Аялал Хэнтий аймгийн отрын бүс нутагт нэг өдөр, хоёр шөнө үргэлжлэх юм байна. Аяллын үеэр уурга шүүрэх, эмнэг сургах, морь бугуйлдах зэрэг монгол эр хүний цог золбоо, эрэмгий байдлыг харуулсан олон сонирхолтой үзүүлбэр толилуулах аж Оролцогчид багаар аялах чадвартай байхаас гадна аяллын ахлагчийн заавар зөвлөгөөний дагуу хувийн бэлтгэлээ сайн базаасан байх хэрэгтэйг зохион байгуулагчид онцлов.