Эр бяр, ид хаваа гайхуулсан 6002 хүчтэн зодоглуулж үндэсний бөхөө, 5000 ардын авьяастан бүжүүлж бий бийлгээгээ "Гиннес”-т бүртгүүлсэн монголчууд говь нутгийн бахархал тэмээн сүргээ дэлхийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр зэхэж байна. “Гиннес”-ийн дээд амжилтад бүртгүүлэх зорилготой “Монгол тэмээ 999” 1000 тэмээний уралдааныг гуравдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулах аж. Говь нутгийн ард түмэн тэмээн сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалах чиглэлээр олон ажил зохион байгуулсаар ирсэн билээ. Үүний жишээ нь, "Тэмээн поло”, “Их говийн тэмээний баяр” арга хэмжээ юм. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболдын санаачилгаар зохион байгуулах гэж буй эл уралдаанд тус аймгийн 15 сумаас гадна бусад тэмээчид урилгаар оролцоно.
Д.Дуулим