Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Шинэ он гарсанаас хойш хууль бусаар зургаан чоно агнасан хэрэг гарсан талаар тус газрын БОГУУХХ-ын дарга Д.Бат-Өлзий, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Бат, Д.Сонин-Эрдэнэ нар мэдээлэв.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь гурван эр, гурван эм хөлдүү чоныг худалдан борлуулах зорилгоор Өвөрхангай аймгаас нийслэлд оруулж ирсэн байна. Тэрбээр оруулж ирсэн чоноо тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байхад нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч олж илрүүлсэн байна.
Дээрх хураагдсан чононууд нь одоогоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын журмын хашаанд лацтай хадгалаж байгаа аж. Харин хурааж авсан чоныг хуулийн дагуу устгалд оруулах юм байна.
Харин өнгөрсөн онд зөвшөөрөл эрхийн бичиггүйгээр ан агнасан 34 зөрчил илэрч холбогдох хуулийн дагуу захиргааны шийтгэл, оногдуулжээ. Түүнчлэн хууль бусаар хандгай, тул загас агнасан, зөвшөөрөлгүйгээр шонхор шувуу барьж, агнасан, 570 орчим тарваганы мах Улаанбаатар руу оруулсан зэрэг зөрчил илэрүүлсэн байна.
Сэтгэгдэл (3)