Индонезийн Жакартад гарсан халдлагад Монгол Улсын иргэд өртөөгүй гэдгийг тус улсад суугаа элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Түүнчлэн Индонез улс дахь Монголын ЭСЯ-наас Жакарта хотноо ажиллаж, амьдарч буй монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг хүргүүлсэн байна.
Тус сэрэмжлүүлэгт Индонезид байгаа болон зорчихоор төлөвлөж буй Монгол Улсын иргэддээ хүмүүс олноор цугласан үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр, худалдааны төвөөр явахдаа сонор сэрэмжтэй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулсан байна. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд тус улс дахь Монголын ЭСЯ-ны +62 21 5795 8140, консулын асуудал хариуцсан ажилтны +62 878 7704 7078 дугаарын гар утсаар болон ЭСЯ-ны Facebook, Twitter хуудаст хандах боломжтой гэдгийг ч дурдсан байна.
Халдлагын талаар дахин өгүүлэхэд өчигдөр Индонезийн Жакарта хотын төв дахь Тамрин дүүргийн газар нутагт террорист халдлаг болсон юм. Тус халдлагын улмаас Индонезийн нэг, гадаадын нэг иргэн тус тус амиа алдаж, 24 хүн шархадсан байна. Харин тэдгээр хүмүүсийн 4 нь гадаадын иргэн байсан аж.
Харин террорист халдлага үйлдсэн таван этгээдийг устгасан болохыг Индонезийн цагдаагийн газраас мэдээлсэн.