Амьдралын олон өнгийг хором алдалгүй анаж байдаг гэрэл зурагчид хамтран эх орныхоо ёс заншил, оюун сэтгэлгээг шингээсэн үндэснийхээ урлагийг гэрэл зургаар дамжуулахыг хүсчээ. Тэгвэл тэд хүслээ биелүүлж, өнгөрсөн бямба гарагт “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа.
Энэхүү үзэсгэлэн нь бусад гэрэл зургийн үзэсгэлэнгээс олон талаараа ялгаатай аж. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас манай оронд морилон ирсэн зочид төлөөлөгчид, аялан ирсэн жуулчлал үндэсний соёл урлагаар дамжуулан улс орноо сурталчлан таниулах зорилгоор гаргаж байгаа үзэсгэлэнг маань дэмжиж хамтран ажиллаж буйгаараа чухал онцлогтой болжээ. Үүнээс гадна Монголын үндэсний дуу бүжгийн чуулга 65 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан “Үндэсний урлаг Монголын бахархал” аяныхаа хүрээнд “Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан” урлагийн төв хамтран зохион байгуулж шилдэг шинэ бүтээлүүд болох "Монголын их нүүдэл" Үндэсний хөгжмийн их найралын концерт, "Монголын их хатад” бүжгэн туульс, "Оройн дээд" үндэсний түүхэн дуулалт жүжиг зэрэг тоглолтуудаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдод нээлттэй болгож зураг авалт хийх нөхцөл боломжийг хангаж өгснөөрөө онцлог аж. Үзэсгэлэнд 25 мэргэжлийн гэрэл зургийн мастер, гэрэл зураг сонирхогчид оролцож 295 бүтээл ирүүлснээс мэргэжлийн болон хэвлэлийн шаардлага хангасан, гэрэл зургийн онцгой мэдрэмж, өнгө дүрслэл, өгүүлэмж сайтай 50- 60 бүтээлийг сонгон авч олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм.