"Эмээлтийн түүхий эд авах цэгийн хашаан дотор чонын хөлдөөсөн мах байна" гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлт овоо” түүхий эд авах цэгт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суух Б-гийн “Nissan Х-Trail” автомашинд хөлдөөсөн таван чоно, долоон үнэг, дөрвөн ширхэг хярс хадгалж байсныг илрүүлжээ. Эдгээрийг эд мөрийн баримтаар түр хураасан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Шинэ он гарснаас хойш хууль бусаар ан амьтны мах болон хөлдөөсөн чоно хадгалж, нийслэл рүү оруулах гэсэн хоёр хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
Тухайлбал, энэ сарын 7-нд Баянгол дүүргийн иргэн хөлдөөсөн зургаан чоно хашаандаа хадгалж байсныг хуулийнхан болон мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж, торгуулын арга хэмжээ ногдуулж, хөлдүү зургаан чоныг устгалд оруулсан байгаа. Ийнхүү сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэд хууль бусаар ангийн мах болон хөлдүү чоныг урд хөрш рүү нууцаар хил давуулах хэрэг гардаг учир цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газартай хамтарч шалгалтын ажиллагааг байнга хийж байна.