МҮБХ, Жем интэрнэшнл групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин тэргүүтэй 224 бөх зодоглож байна. Сумын цолтой болон залуу бөхчүүд багтаагүй аж. Барилдааныг Жем интэрнэшнл компаний ажилтан, амгийн арслан Д.Баттогтох нээж хэлэхдээ Сүүлийн жилүүдэд харцага цолтнуудаас маань улсын наадмын түрүү бөх тодорсоор байгаад манай компаний хамт олон их бэлгэшээж, баярлаж явдаг гэж онцолсон юм.
Хүндэтгэлийн барилдаанаа үзэж сонирхохоор Ч.Өвгөнхүү, Д.Сэрээтэр, Ц.Юүвээ,, О.Бахыт, Ж.Бор, Г.намсрайжав, Ж.Намжилдорж, Г.Элбэг, Э.Батбаатар нарын харцагууд индэрт тухалжээ.
Залуу арслан Э.Оюунболд, заан Б.Батмөнх нар хамгийн түрүүнд учраа бөхөө давж, тугаа тойрлоо.