Арилжааны банкууд өнгөрсөн оны 12 дугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон талаар Монголбанк мэдээллээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-аас арилжааны банкууд ипотекийн зээлээ түр зогсоох шийдвэр гаргасан. Үүний улмаас ипотекийн зээл 11 дүгээр сараас 32.3 хувиар буурчээ. Харин энэ сарын 19-нд УИХ “Иргэний тухай хуульд нэмэлт оруулах”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах” тухай хуулийг баталснаар ипотекийн зээл хэвийн олгох нөхцөл бүрдээд байна.
Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2015 оны эцэст 3.4 их наяд төгрөгтэй тэнцэж, зээлдэгчдийн тоо 77 мянга болжээ.
Монголбанкнаас мэдээлснээр нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 55.6 сая төгрөг байгаа юм. Өнгөрсөн хугацаанд олгосон ипотекийн зээлийн үлдэгдлийн 77 хувийг Улаанбаатар хотод, 23 хувийг хөдөө орон нутагт олгожээ.