Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулжээ.
Тус прокурорын газраас Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг 2015 онд 2 удаа шалгасан ба шалгалтаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь захиргааны зөрчилд хариуцлага оногдуулахдаа торгуулийн хуудас, шийтгэвэрт хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтыг зөв бичдэггүй, торгох шийтгэлийг хуульд заасан хэмжээгээр оногдуулдаггүй, зөрчлийг нотолж буй нотлох баримтуудыг материалд хавсаргадаггүй, зөрчил гаргасан этгээдийн эрхийг хангах талаар хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Сургалтын явцад захиргааны зөрчлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хэрхэн хамруулах, шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар харилцан ярилцаж, дээрх зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх талаар прокуророос үүрэг, чиглэл өгсөн байна.