Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр Тахарын ерөнхий газарт ажилласан.
Энэ үеэр Хууль зүйн сайд "Энэ газарт төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэж байсан буюу цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гээд өөр өөр чиг үүрэгтэй байгууллагад ажиллаж байсан албан хаагчид нэгдэн ажиллаж байна. Тиймээс энэ байгууллагын зорилгыг ойлгож нэгдмэл хамт олон болгож ажиллах тал дээр анхаарч ажиллах, хэрэглэж байгаа цол, хувцасны асуудлыг ч нэгдсэн журмаар шийдвэрлэх шаардлагатай байна" гэлээ.
Тахарын ерөнхий газар өнөөдрийг хүртэл өөрийн байргүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Үүнийг шийдэж Архивын ерөнхий газрын байранд оруулахаар төлөвлөж байгаа талаар мэдээллийг өгсөн. Тахарын алба бол шинэ байгуулагдсан алба бөгөөд энэ байгууллагын хэрэгжүүлдэг үйл ажиллагааг иргэдэд таниулан, ач холбогдлыг нь ойлгуулж, иргэдийн төлөө, иргэн хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэдгийг ойлгуулах нь нэн чухал байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Тахарын ерөнхий газар нь байгуулагдаад хоёр жил болж байна. Өдгөө 10 тойрог, 22 хэсгийн 550 гаруй алба хаагчид шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.