1930 онд БНМАУ-ын 6 дугаар Их хурлаас прокурорын байгууллагыг төв орон нутагт байгуулж, эрх хэмжээг тогтоох шийдвэр гарсны дагуу БНМАУ-ын Шүүх яамны сайдын 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 8 тоот тушаал гарч, Улаанбаатар хотын прокурорыг Хотын шүүхийг түшиглүүлэн байгуулсан юм.
Анх 1 прокурор, 3 мөрдөн байцаагч, 1 нарийн бичгийн дарга, бүгд 5 хүний орон тоотой ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш Нийслэлийн прокурорын газар хуульд заасан үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ. “Монгол Улсын Үндсэн хууль”, “Прокурорын байгууллагын тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулж 1993 оноос Улаанбаатар хотын прокурорын газрыг Нийслэлийн прокурорын газар болгон өөрчилсөн.
Одоо нийслэлийн хэмжээнд Нийслэлийн прокурорын газраас гадна Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрууд ажиллаж байна.