Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам Энэтхэгийн Аялал жуулчлалын корпорацийн “Maurya” зочид буудалтай хамтран Шинэ Дели хотноо энэ сарын 20-28-нд "Монголын өдрүүд"-ийг зохион байгуулж байна.
Монгол Улсын Элчин сайдын яам, “Модерн Номадс”, ардын урлагийн “Түмэн эх” чуулгын дэмжлэгтэйгээр болж буй “Монголын өдрүүд” арга хэмжээг долоо хоног үргэлжилнэ.
Шилдэг менежмент, өргөн сүлжээ, чанартай үйлчилгээ нь Энэтхэгт төдийгүй, олон улсад өндөр үнэлэгддэг тансаг зэрэглэлийн “Maurya” зочид буудалд зохиогдож байгаа эл арга хэмжээнд “Модерн Номадс” рестораны мастер тогооч Х.Даваадорж, Б.Мөнгөншагай уригдан оролцож мэргэжил нэгтэй энэтхэг андуудтай ажлын арга туршлагаа солилцохын сацуу үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын хөгжимчин Ц.Чулуунцэцэг, Х.Дамдин нар ардын урлагийн тоглолтоо сонирхуулсан нь оролцогчдын талархлыг хүлээж байна.