Улаанбаатар хотын хэмжээнд 320 орчим гэрээт харуул хамгаалалтын алба үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Тус байгууллагууд нь өмнө нь Монгол Улсын гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Цагдаагийн байгуулагын үйл ажиллагааны журмын код 605-д заасны дагуу зохих бичиг баримтыг бүрдүүлээд Улаанбаатар хотын цагдаагийн газраас Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ авдаг байжээ.
Тэгвэл энэ сарын 25-наас эхлэн уг гэрчилгээг авах үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн байна. Тодруулбал Улаанбаатар хотын цагдаагийн газрын цахим хаяг болох http://www.ub.police.gov.mn/ сайт руу орж зөвшөөрөл гэх булан руу орсноор тэнд бүртгүүлэхэд ямар ямар бичиг баримт бүртгүүлэх талаарх бүхий л мэдээлэл байгаа юм байна. Үүний дагуу хуулийн этгээд өөрийхөө зөвшөөрлөө авахыг хүссэн мэдээллээ сас программ ашиглан шивж оруулах боломжтой.
Ингэсэний дараа Улаанбаатар хотын цагдаагийн газраас шаардлага хангасан материалуудыг баталгаажуулсан хэлбэрт оруулж, гэрчилгээг нь цахимаар гаргах юм байна. Энэ нь иргэдэд чирэгдэлгүй болсон чухал ач холбогдолтой ажил болжээ. 2016 оны нэгдүгээр сарын 25-наас өнөөдрийг хүртэлх нэг сарын хугацаанд 95 хуулийн этгээд цахим систем ашиглан бүртгэлээ хийжээ. Тиймээс гэрчилгээ авах гэсэн гэрээт харуул хамгаалалтын албад энэхүү цахим системд нэгдэж, бүртгүүлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)