Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “1000 ээжийн чуулга уулзалт” 10 дахь удаагаа энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд болно.
Уг арга хэмжээг “Одонтой ээжүүдэд тэтгэлэг олгох хууль”-ийн төслийг санаачилсан, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн удирддаг “Алдарт Эхийн Одонт Ээжүүдийн холбоо”- ноос зохион байгуулдаг юм.
“1000 ээжийн чуулга уулзалт” нь Ерөнхийлөгчийн ивээл дор болдог бөгөөд чуулганд эх орныхоо өнцөг булан бүрт суугаа мянган ээж оролцдогоороо онцлог.
Чуулганаар нийгэмд тулгамдсан ямар асуудлууд байна гэдгийг хэлэлцэн ярилцаж, ээжүүд санал бодлоо сололцон, асуудал дэвшүүлж, уриалга гаргадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд “Монголын үрс маш олон болтугай”, “Монголын үрс оюунлаг байх болтугай”, “Монголын үрс эрүүл, чийрэг байх болтугай” зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд чуулж байсан билээ.
Харин одонт ээжүүд “Тэдний ярьж хэлж байгаа болон сургаж зөвлөсөн зүйлүүдийг улс төрчид сонсч, өөрсдийн үйл ажиллагаанд тусгах байх” хэмээн үздэг юм.