Цагдаагийн албан хаагчид амралтын газарт нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Шүүх хурал маргааш болохоор товлогджээ.
Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 10-15 жилийн хорих ял оноох хуулийн заалттай аж.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч нь зодуулсны улмаас амиа алдсан хэрэг гарсан юм.