“Нүүдэлчдийн аялал жуулчлал” сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг ирэх 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Уг форумыг зохион байгуулснаар Монгол Улс “Нүүдэлчдийн замаар аялахуй” аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
Энэ талаар өчигдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифайтай уулзан ярилцаж тохирсон байна. Энэ үеэр мөн аялал жуулчлалаас байгаль орчин, нийгэм, эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах, аялал жуулчлалын тандалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал дахин санал солилцлоо.