Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын амьдрах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах бодлогыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 90 тоот тогтоолын дагуу Төрийн банк 17.411 малчны зээлийн жилийн жигнэсэн дундаж хүүг 29.5 хувь байсныг 18 хувь буюу сарын 1.5 хувь болгон бууруулжээ.
Тэгвэл өнөөдөр малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлж мөн малаа тарилга, туулгад бүрэн хамруулсан малчид Засгийн газраас баталсан Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд жилийн 10 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болсон талаар салбарын яам, Төрийн банкнаас албан ёсоор мэдээллээ.
29.5 хувийн хүүтэй таван сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянган төгрөг төлдөг байсан бол зээлийн хүү10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөгийг жилд төлөх боломжоор хангагджээ.
Малчны зээлийн хүү 10 болсноор 730 мянган малчин айл өрх дурдагдаж буй хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх юм байна.