Жилийн 10 хувийн хүүтэй малчны зээл хэрэгжиж эхэлсэн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Туваан, Төрийн банкны ерөнхийлөгч Б.Баттүвшин нар өчигдөр мэдээлэл хийсэн.
Өмнө нь арилжааны банкууд малчдад жилийн 29.5-30 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Малчны зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах АН-ын бодлогын хүрээнд Төрийн банк өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд малчны зээлийн хүүг 18 хувь болгож бууруулсан. Ингэснээр таван сая төгрөгийн зээл авсан малчин 1.5 сая орчим төгрөгийн хүү төлдөг байсан бол хүү 18 хувь болж буурснаар 900 мянган төгрөгийн хүү төлөх тооцоо гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, малчны зээлийн хүү 29.5-аас 18 хувь болж буурахад 575500 төгрөгийн хэмнэлт гарч байгаа гэсэн үг хэмээн Төрийн банкны ерөнхийлөгч Б.Баттүвшин хэлсэн юм.
Төрийн банк малчны зээлийн хүүг 18 хувь болгож бууруулснаас хойш 2580 малчин өрх 5.8 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Тус банк өчигдрөөс малчны зээлийн хүүгээ дахин бууруулж жилийн 10 хувийн хүүтэй болгож байгаа юм. Үүнтэй холбоотой дотоод бэлтгэлээ бүрэн хангаж, сумдын Засаг дарга нарт хамтран ажиллах Хүнс, хөдөө аж ахуйн яамны саналыг бүх сумдад байрлах тооцооны төвүүдэд хүргүүлжээ. Малчны зээлийн хүү 29.5-30 хувийн хүүгээс 10 хувь болж буурснаар 5 сая төгрөгийн зээл авсан малчин нэг сая гаруй төгрөгийн бодит хэмнэлттэй болж байгаа юм байна.
Т.Энхэлээ