Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгчид шөнө сургалтын нислэг үйлдэхээр МИ-8 нисдэг тэрэгтэй хөөрөөд удалгүй осолдсон байдаг. Ослын шалтгааныг тодруулахын тулд нисдэг тэрэгний хар хайрцгийг ОХУ-руу илгээсэн байсан бөгөөд Техникийн шалтгаанаас болж осолдоогүй гэдэг дүгнэлт гарсан гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мэдэгдлээ.
Ц.Цолмон сайд хэлэхдээ “МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааныг тодруулахын тулд ОХУ-д хар хайрцгийг явуулж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр техникээс шалтгаалсан зүил байхгүй гэсэн хариу ирсэн. Осол хувь хүний ур чадвар, шөнийн нислэг зэргээс хамаарсан байгаа. Мөн нислэгт оролцож явсан хүн нас барсан учраас цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Хувь хүмүүст оногдох хариуцлага эрүүгийн хэргийн шугамаараа тооцогдоно. Бид ийм осол дахин гаргахгүй тулд зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. Энэ талаар сайдын зөвлөлөөр хэлэлцээд, Зэсвэгт хүчний жанжин штабт даалгавар өгсөн. Дор бүрнээ тодорхой ажил зохион байгуулж байгаа. Ойрын хугацаанд сайдын зөвлөлөөр эцэслэсэн байдлаар асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч, дахин осол аваар гаргахгүй байх чиглэлээр үүрэг даалгавар өгөгдөнө. Нисдэг тэргийг дахин засч ашиглах аргагүй. Хуучин техник байгаа. Тэгэхдээ цаана нь тусламжаар авсан их завсарт орсон нисдэг тэрэг, мөн цөөн тооны нисдэг тэрэг бий. Бэртэл авсан хүмүүсийн бие нь сайжирч байна. Хөлөндөө гэмтэл авсан залуугийн эмчилгээ үргэлжилж байгаа. Бэртэл гэмтэл эхэндээ илрэхгүй сүүлдээ илэрдэг гэмтэй учраас бүх талын шинжилгээг хийлгүүлсэн” гэв.
Сэтгэгдэл (1)