АТГ-аас Хөдөлмөрийн яамны хэмжээнд явуулсан шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах Үнэлгээний хороонд ажилласан нийт 61 гишүүнээс 15 нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байжээ.
Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 44 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тухайн албан тушаалд томилсны дараа хянуулсан, 3 албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй зарим албан тушаалтнууд хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зөрчил тогтоогдсон байна.
Иймд холбогдох хуульд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогтод албан бичиг хүргүүлжээ.