“Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулган-2016 энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Төрийн ордноо хуралдана.
Уг чуулганаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн сацуу дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлвийг тандан хэлэлцэх ажээ. Чуулганд уламжлал ёсоор төрийн тэргүүн болоод төрийн түшээд, гүйцэтгэх засаглалынхан оролцохоос гадна гадаадын экспертүүдийг ч урьсан байна.
Энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүсийн захирал Аюуми Кониши, Байгалийн баялгийн засаглалын институийн ерөнхийлөгч Даниел Кауфман нар уригджээ.
Түүнчлэн эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд Хөгжлийн төлөө түншлэл, Цомхон чадварлаг төр, Нийгмийн даатгалын шинэчлэл, Аюулгүй хүнс-Тогтвортой ашигтай бизнес сэдвийн хүрээнд өрнөх юм байна.